Мөнгөний бодлого гэж юу вэ?


Мөнгөний бодлогын зорилго нь мөнгөний нийлүүлэлтийг удирдах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, инфляцийг тогтворжуулах болон бүрэн ажил эрхлэлтийг хангахад оршино. Мөнгөний нийлүүлэлтийн дараах үндсэн арга хэрэгслүүд байдаг.


  • Шууд арга (Банкинд олгох зээлийн хэмжээг тогтоох, банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх)
  • Шууд бус арга (Заавал байлгах нөөцийн хувийг тогтоох, нээлттэй зах зээлийн үйл ажиллагааг явуулах, хүүний нэгдсэн бодлого явуулах)


Мөнгөний нийлүүлэлт


Мөнгөний нийлүүлэлт гэдэг нь тухайн улс орны хэмжээнд мөнгөний үүргийг гүйцэтгэж байгаа бүх төрлийн активыг хэлнэ. Мөнгийг хөрвөх чадвараар нь дараах байдлаар ангилна:


  • 1. Мөнгө0(M0) Банкнаас гадуур гүйлгээнд байгаа бэлэн мөнгө
  • 2. Мөнгө1(M1) М0+Банкны харилцах болон хугацаагүй хадгаламжинд байгаа мөнгө
  • 3. Мөнгө2(M2) М1+Банкны хугацаатай хадгаламж болон бүх төрлийн валютын хадгаламжууд

Эдийн засагт мөнгө хичнээн хурдан эргэж байна төдий чинээ бага мөнгө шаардлагатай байна. Бэлэн мөнгө ба хадгаламжийн харьцааг Төв банкнаас зохицуулах боломжгүй бөгөөд эдийн засгийн хувьд бэлэн мөнгө аль болох бага байх нь үр ашигтай. Мөнгөний нийлүүлэлтийг тухайн улсын төв банкнаас зохицуулдаг бөгөөд хүүгийн түвшнээс хамаардаггүй харин хүүг тодорхойлогч болдог.



Мөнгөний бодлогын арга хэрэгсэл (Төв банкны тухай хуулийн 11 дүгээр зүйл)


  • Банкны заавал байлгах нөөцийн хувь хэмжээг тогтоох
  • Банкинд зээл олгох
  • Монголбанкны зээл, үнэт цаасны хүү болон хямдруулалтын хувиар дамжуулж хүүгийн нэгдсэн бодлого явуулах
  • Нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулах
  • Банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх


Заавал байлгах нөөц


Төв банк мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах зорилгоор арилжааны банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгийн тодорхой хувиар заавал байлгах нөөцийг тогтоодог. Нөөцийн хэмжээ нэмэгдэх тусам арилжааны банкны зээл өгөх мөнгөн хөрөнгө багасах учир мөнгөний нийлүүлэлт буурна. Эсрэгээрээ нөөцийг бууруулахад нийлүүлэлт нэмэгддэг.



Төв банкнаас арилжааны банкуудад зээл олгох


Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй аливаа банкны төлбөрийн чадварт 3 сараас дээшгүй хугацаанд хүндрэл бий болсон, банк өөрийн үйл ажиллагааны үр дүнд уг хүндрэлээс гарч, авсан зээлээ хугацаанд нь төлөх боломжтой гэж үзсэн тохиолдолд Монголбанк зээл олгоно. Ингэхдээ Монголбанк тухайн банкны зээлжих чадварын хязгаарт багтаан зээлийн хэмжээг тогтоох эрхтэй. Энэхүү зээл нь Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас, Монголбанкин дахь тухайн банкны харилцах данс, хадгаламж, Монголбанк хүлээн зөвшөөрөх активаар баталгаажсан байна. Банкинд зээл олгох нийтлэг журмыг Төв банкны тухай хуульд нийцүүлэн Монголбанк тогтооно.



Банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх


Монголбанк мөнгөний бодлогын бусад арга хэрэгслүүдийг хангалтгүй гэж үзсэн тохиолдолд банкнаас иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийж болдог.