Инфляци гэж юу вэ?


Бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөх үзэгдлийг инфляци гэнэ. Үнийн ерөнхий түвшин гэдэг нь тодорхой нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшин биш харин маш олон нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний дундаж үнийн түвшинг илэрхийлнэ. Иймээс инфляци нь олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний дундаж үнийн түвшин өсөх үзэгдэл тул инфляцийн үед зарим бүтээгдэхүүний үнэ буурч, зарим нь тогтмол байж ч болно. Гэхдээ эдийн засагт эргэлдэж байгаа ихэнх бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөр үнийн ерөнхий түвшин өсч инфляци бий болдог. Инфляци нь эрэлтээс болон нийлүүлэлтээс гэсэн 2 үндсэн шалтгааны улмаас үүсдэг.


Эрэлтээс үүдэлтэй инфляци гэдэг нь хүн ам, айл өрхийн төлбөрийн чадвар нэмэгдэж харин үйлдвэрлэл, үйлчилгээний тоо хэмжээ хоцрох явдал юм.


Нийлүүлэлтээс үүдэлтэй инфляци гэдэг нь үйлдвэрлэл, үйлчилгээний зардал ихсэх эсвэл тэдгээрийн нийлүүлэлтийн механизм гажилттай болсноос үүдсэн инфляци юм. Энэ үед үйлдвэрлэлийн цалин, үндсэн түүхий эдийн үнэ “огцом” өсөх үндсэн дээр бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг нэмэгдсэнээс үнэ өсдөг.


Монгол улсад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн механизм олон жилийн турш үр ашиг муутай, тогтвортой бус байснаас нийлүүлэлтийн гаралтай буюу зардлын шалтгаантай инфляци байнга өндөр байж, тэр нь хэрэглээний үнийн индексийн өсөлтийг олон жилийн турш хоёр оронтой тоонд байлгаж ирсэн юм. Монголбанкнаас нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамтыг багасгах арга хэмжээг Засгийн газартай хамтран “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүд”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.



Хэрэглээний сагс гэж юу вэ?


ҮСХ-ноос айл өрхүүдийн хэрэглээ, түүний хэв маягт судалгаа хийсний үндсэн дээр хэрэглээний барааны сагсны бүтцийг тодорхойлдог. Өнөөдрийн байдлаар МУ-ын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 329 бараа, үйлчилгээнээс бүрдэж байна. Хэрэглээний сагсанд 2010 оны 12 сард өөрчлөлт оруулсан ба үүний өмнө тус сагс 287 төрлийн бараа, үйлчилгээнээс бүрдэж байжээ.



Суурь инфляци гэж юу вэ?


Суурь инфляци гэдэг нь хэрэглээний барааны сагснаас үнийн хэлбэлзэл ихтэй зарим барааг хасч үнийн түвшинг тооцсоныг хэлнэ. Хүнс болон түлш шатахууны үнийн савалгаанаас шалтгаалан зарим тохиолдолд төгрөгийн худалдан авах чадвар ХҮИ-т бодит тусгалаа олж чаддаггүй тул үнийн хэлбэлзэл ихтэй эдгээр бүлгүүдийг хасан суурь инфляцийг тооцдог байна. Хэрэглээний сагсанд зарим бараа үйлчилгээний үнэ улирлын хэлбэлзэл ихтэй байх нь байдаг. Гэтэл ийм барааны үнийн хөдөлгөөн нь зарим тохиолдолд эдийн засаг дахь нийт үнийн хөдөлгөөнийг бүдэгрүүлэх, эсвэл бүр төлөөлж чадахгүйд хүрдэг. Ерөнхий инфляци бол үнийн өөрчлөлтийн хэмжүүр байдаг бол суурь инфляци үнийн хандлагын хэмжүүр нь болдог байна. Ийм учраас Төв банкнаас улирлын хэлбэлзэл ихтэй мах, сүү болон хүнсний ногооны дэд бүлгүүдийн ХҮИ-ийн сагснаас хасч инфляцийг дахин тооцож эдийн засаг дахь үнийн ерөнхий түвшин хаашаа хөдөлж байгааг тодорхойлдог билээ. Тус үзүүлэлтийг суурь инфляци гэх бөгөөд суурь инфляци өсөөд эхэлбэл Төв банкнаас түүний эсрэг арга хэмжээ авах магадлал өндөр болдог.



Инфляцийн хүлээлт гэж юу вэ?


Харьцангуй үнэ чөлөөтэй байх (өсөх, буурах) нь туйлын ач холбогдолтой ч урт хугацаанд төгрөгийн худалдан авах чадвар муудах нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Тэгвэл инфляцийн хор хөнөөл нь чухамхүү юунд байна вэ? Хэсэг хугацаанд тасралтгүй үргэлжилсэн инфляци нь инфляцийн хүлээлтэд нэгэнт нөлөөлж эхэлсэн тохиолдолд эдийн засагт урт хугацааны хор уршиг учруулдаг байна.


Инфляцийн хүлээлт даамжирсан тохиолдолд эдийн засагт стагфляци (ДНБ-ний бууралт болон өндөр инфляци) нүүрлэх аюултай.


Инфляцийн хүлээлт нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх хэд хэдэн жишээ авч үзье. Тухайлбал, инфляцийн хүлээлт өндөр үед хүмүүс өөрийн баялгаа биет хөрөнгөнд (газар, алт, мөнгө г.м.) байршуулж эхэлдэг. Гэтэл энэ нь бизнесийн хөрөнгө оруулалтын гэхээсээ илүү өсөн нэмэгдэж буй үнийн эсрэг хамгаалах арга хэмжээ болдог. Иймээс инфляцийн хүлээлт нэмэгдэж буй үед эдгээр хөрөнгий үнэ нь өөрийн үнэ төдийгүй инфляцийн эсрэг хэрэгслийн үнийг өөртөө багтаана. Ингэснээр эдийн засаг дахь хомс нөөцийн хувиарлалт оновчгүй болдог байна.


Мөнгөний худалдан авах чадвар буурна гэсэн хүлээлт бий болсон тохиолдолд хүмүүс өөрсдийн мөнгөн хөрөнгөө багасгах эрмэлзэлтэй болно. Хөрөнгө оруулалт болон хадгаламжаас олж буй орлогын бодит татварыг инфляци нэмэгдүүлснээр хөрөнгө оруулалт хийх, хадгаламж бий болгох сонирхлыг үгүй хийдэг байна.



Дефляци гэж юу вэ?


Дефляци нь инфляцийн эсрэг зүйл бөгөөд үнийн ерөнхий түвшин буурах үйл явц юм. Энэ үзэгдэл нь бараа, үйлчилгээг худалдан авах хүмүүсийн эрэлт, хэрэгцээ буурснаар үйлдвэрлэгч компаниудыг өөрсдийн бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулж алдагдал хүлээхэд хүргэдэг.



Бодлогын хүү инфляцийг хазаарлана


Аливаа улс орнуудын Төв банк бодлогын хүүг тогтоож барьдаг. Бодлогын хүү хэдэн хувь байхаас арилжааны банкуудын зээлийн хүү хэр өндөр байх нь хамаардаг билээ. Манай улсын хувьд одоогоор 12,25 хувь буюу харьцангуй өндөрт тооцогдохуйц бодлогын хүүтэй байна. Харин үүнийг дагаад арилжааны банкуудын зээлийн хүү жилд дунджаар 20 хувь байгаа. Төв банк бодлогын хүүг өндрөөр тогтоосноор арилжааны банкуудаас Төв банкинд татах мөнгөний хүүг өндөрсгөж байна гэсэн үг. Энэ тохиолдолд арилжааны банкууд мөнгөө өндөр хүүтэйгээр харьцангуй найдвартай буюу Төв банкинд байршуулна. Ингэснээр арилжааны банкуудаас гарах зээлийн хүү нэмэгдэж, зах зээлд зээл хэлбэрээр нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ багасдаг жамтай. Өөрөөр хэлбэл банк бага хүүтэй мөртлөө эрсдэлтэйгээр аж ахуйн нэгж, байгууллагуудад мөнгө зээлдүүлэхийн оронд Төв банкинд илүү найдах юм. Тийм учраас Төв банк бодлогын хүүгээ нэмэх нь зах зээл дэх бэлэн мөнгөний нийлүүлэлтийг харьцангуй багасгадаг. Ингэснээр инфляци буурах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.


Төв банкнаас бодлогын хүүг нэмэгдүүлэх нь ийнхүү нэг талаараа инфляцийг бага төвшинд барихад ач холбогдолтой ч эргээд бодит эдийн засагтаа дарамт болдог талтай. Учир нь бэлэн мөнгөний урсгал багасах эсвэл зээлийн хүү нэмэгдэх нь аж ахуйн нэгжүүдийн хувьд тийм ч таатай бус байх нь мэдээж. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа саармагжих бэлэн мөнгөний урсгал багасах нь эдийн засгийн хурдтай хөгжлийг удаашруулах нөхцөл болдгийг эдийн засагчид хэлж байна. Тийм ч учраас бодлогын хүүг өсгөх гэдэг арга хэмжээг эдийн засагчид ялангуяа бизнесмэнүүд төдийлөн таашаадаггүй. Гэвч инфляцийг бага төвшинд барьж, ард иргэдийн нуруунд очих дарамтыг багасгахын тулд бодлогын хүүг өсгөхөөс өөр аргагүй гэж олон улсын байгууллагуудын шинжээчид хэлдэг билээ. Бодлогын хүү хэдий чинээ өндөр байна тус улсын мөнгөний бодлого төдийн чинээ хатуу байна гэсэн үг.



Үнийн тогтвортой байдал?


Үнийн тогтвортой байдал гэдэг нь мөнгө өөрийн үнэ цэнээ байнга тогтвортой хадгалж байхыг хэлдэг. Энэ нь мөнгөө цулуулж байгаад хэсэг хугацааны дараа ямар нэгэн юм худалдан авах үед маш чухал. Жишээ нь: чи мөнгөө цуглуулж 10 евро болгоод дуутай диск авах гэтэл нөгөөх чинь 12 евро болжээ. Дахиад цуглуулж байгаад 12 евро болгоод очтол дискний үнэ дахин өсөөд 14 евро болсон байвал чамд ямар санагдах болоо? Аз болоход юмны үнэ үргэлж тэлж өсөөд байдаггүй.