Валютын ханш гэж юу вэ?


Валютын ханш гэдэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийн бусад орны мөнгөн тэмдэгттэй харьцуулсан үнэ юм. Валютын ханш байнгын хөдөлгөөнд оршин байдаг ба ингэснээр тухайн орны эдийн засаг өөрөө өөрийгөө тэнцвэржүүлэх боломжийг олгодог. Тодруулбал валютын ханш уян хатан тогтох нь гадаад зах зээлийн гэнэтийн өөрчлөлтийн дотоодын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, экспортын болон дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дэмжих замаар урт хугацааны эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлдөг.


Валютын ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцгүй буюу тэнцвэрт түвшнээсээ эрс ялгаатай байгаа үед төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэх, ханшийн хямрал, санхүү, эдийн засгийн хямралд өртөх эрсдэл нэмэгдэх, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар буурах, урт хугацаанд эдийн засгийн дархлаа суларч, эдийн засаг тогтворгүй болох зэрэг сөрөг нөлөөтэй. Иймд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэй, уян хатан тогтох зарчмыг Монголбанк баримталдаг.



Валютын ханшийн хэлбэлзэлд Монголбанк ямар арга хэмжээ авдаг вэ?


Валютын ханш огцом хэлбэлзсэн, эсвэл хэлбэлзэх дарамт зах зээлд үүссэн тохиолдолд Төв банкнаас ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх, саармагжуулах зорилгоор гадаад валютын дуудлага худалдаагаар дамжуулан валют худалдах, худалдан авах үйл ажиллагааг явуулдаг.


Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм. Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.



Төгрөгийн ханшийн сулрал?


Валютын ханш нь банкууд, компаниуд, иргэд гэх мэт зах зээлд оролцогчдын эрэлт нийлүүлэлтээс хамаарна. Эрэлт нийлүүлэлтэд валютын орох, гарах урсгал ба хүлээлт нѳлѳѳлдѳг. Богино хугацаа буюу ѳнѳѳ маргааш, ирэх сар гэх мэт хугацаанд тухайн улирлын онцлог, зах зээлд оролцогчдын хүлээлт эрэлт нийлүүлэлтийг шийддэг гол хүчин зүйл болно. Жишээлбэл жил бүрийн намар эдийн засгийн идэвхжил, улирлын шинж чанараас шалтгаалан, импортын барааны татан авалт нэмэгдэж, эсрэгээрээ экспортын орлого өсдөггүйгээс гадаад худалдааны алдагдал нэмэгддэг. Энэ нь валютын ханш сулрах дарамтыг нэмэгдүүлдэг байна.

Харин харьцангуй урт хугацаанд тухайн орон валют олох хэр чадвартай вэ гэдэг эдийн засгийн суурь хүчин зүйлүүд хүчтэй нѳлѳѳтэй. Энэ нь жишээ нь эдийн засгийн бүтэц, компаниудын ѳрсѳлдѳх чадвар, иргэдийн боловсрол, хууль эрхзүйн орчин гэх мэт зүйлс байж болно. Жишээ нь, Монголын хувьд 2012 оноос хойш уул уурхайн салбарын уналттай холбоотой валютын орох урсгал буурахад дагаад тѳгрѳгийн ханш унах тренд ажиглагдаж байна. Тэгэхээр, ханшийн трендийг шийдэхэд экспортын орлогоо сайжруулах, ГШХО татах, дотоодын үйлдвэрлэлээ ѳрсѳлдѳх чадвартай болгох гэх мэт зүйл чухал.



Төгрөгийн нэрлэсэн ба бодит үйлчилж буй ханш гэж юу вэ?


Төгрөгийн нэрлэсэн үйлчилж буй ханш гэдэг нь Монгол улсын гадаад худалдааны 22 түнш орны валютын эсрэг төгрөгийн ханш хэрхэн өөрчлөгдөж буйг харуулах нэгдсэн индекс юм. Жишээлбэл 2016 оны 9 дүгээр сарын байдлаар Монгол Улсын нэрлэсэн үйлчилж буй ханшийн индекс 51.7% байгаа нь суурь үе буюу 2000 онтой харьцуулахад төгрөгийн ханш гадаад худалдааны 22 түнш орны валютын эсрэг 48.3 хувиар буюу ойролцоогоор 2 дахин суларсныг илэрхийлж байна.

Харин төгрөгийн бодит үйлчилж буй ханш гэдэг нь нэрлэсэн үйлчилж буй ханшийг валютуудын худалдан авах чадвар буюу инфляциар засварласан тооцсон индекс юм. Жишээлбэл Монгол Улсын бодит үйлчилж буй ханшийн индекс 2016 оны 8 дугаар сард 167.3% байгаа нь 2000 онтой харьцуулахад Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үнэ бусад орны бараатай харьцуулахад дунджаар 67.3 хувиар үнэтэй болсныг харуулна. Тийм учраас төгрөгийн бодит үйлчилж буй ханшийн индекс нь тухайн улсын гадаад худалдааны өрсөлдөх чадварыг харуулдаг.