Төв банк


Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг төв банк гэнэ. Монгол улсын төв банкийг Монголбанк гэнэ. Монголбанкны үндсэн зорилт бол үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах явдал юм. Энэ хүрээнд төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн барьдаг. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.



Арилжааны банк


Төв банкны тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө хуулийн этгээдийг арилжааны банк гэнэ. Арилжааны банк дараах үйл ажиллагааг эрхэлнэ:


  • Зээл, хадгаламж
  • Гадаад дотоод төлбөр тооцоо
  • Өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах
  • Гадаад валютын гүйлгээ
  • Үнэт металл, эрдэнийн чулууны гүйлгээ, хадгалах, хадгалуулах
  • Үнэт цаас гаргах, гүйлгээ хийх
  • Санхүүгийн түрээс
  • Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээ зөвлөмж, мэдээлэл өгөх
  • Төв банкнаас зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа


Төв банк болон арилжааны банкны ялгаа


1990 онд "Аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм", 1991 онд "Банкны хууль" батлагдснаар Монгол улсын 2 шатлалт банкны тогтолцооны хөрс суурь тавигджээ. 1996-1997, 1999, 2008-2009 оны гурван удаагийн хямралын шуурганд 30 банкнаас 16 нь дампуурах, бусад банктай нэгдэх, татан буугдах зэргээр үйл ажиллагаагаа зогсоосон байдаг. Сүүлийн 20 жил Монгол улсын санхүүгийн захыг үндсэндээ банкны систем тодорхойлсоор ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байна. Банкны хадгаламж, зээлийн захууд нь ихээхэн сегментчлэгдсэн байдаг нь Монгол улсын банкны салбарын онцлог юм. Төв банк болон арилжааны банкны хэрэгжүүлж буй үүрэг, зорилго нь өөр хоорондоо ихээхэн ялгаатай бөгөөд тэдгээрийг товч дурьдвал дараахь байдалтай байна. Үүнд:


Арилжааны банк нь…

  • 1. Үйл ажиллагаа нь "Банкны тухай" хуулиар зохицуулагддаг.
  • 2. 14 банкнаас 13 нь хувийн, нэг нь төрийн эзэмшилд байдаг.
  • 3. Ашгийн төлөө санхүүгийн байгууллага юм.
  • 4. Мөнгөн тэмдэгт хэвлэж гүйлгээнд гаргах эрхгүй, мөнгөний бодлого боловсруулахгүй.
  • 5. Иргэд, аж ахуйн нэгжээс харилцах, хадгаламж татан төвлөрүүлдэг.
  • 6. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад богино, дунд хугацааны зээл олгодог.
  • 7. Банк хоорондын төлбөр тооцоог зохицуулах эрхгүй.
  • 8. Үйл ажиллагаагаа хувь (хувьцаа) эзэмшигчдийн өмнө тайлагнана.

Төв банк буюу Монголбанк нь…

  • 1. Үйл ажиллагаа нь “Төв банк /Монголбанк/-ны тухай хуулиар зохицуулагддаг.
  • 2. Төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд юм.
  • 3. Ашгийн бус байгуулага юм.
  • 4. Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргадаг, мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлнэ.
  • 5. Харилцах дансны эзэмшигчид нь банкууд, Төрийн сангийн нэгдсэн дансын эзэмшигч нь Засгийн газар байдаг.
  • 6. Шаардлагатай тохиолдолд Монголбанкнаас арилжааны банкууд болон Засгийн газарт зээл олгодог.
  • 7. Банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулна.
  • 8. Үйл ажиллагаагаа УИХ-ын өмнө тайлагнадаг.