АСУУЛТ, ХАРИУЛТ


Хүүний коридор гэж юу вэ?

Хүүний коридор гэдэг нь банк хоорондын захын хүүний хэлбэлзэх муж. Энэ бол зөвхөн хүүг төдийгүй түүний хэлбэлзэх мужийг тодорхойлдог орчин үеийн төв банкны арга хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл банк хоорондын хэлцлүүдийн хүү нь хүүний коридорын хүрээнд буюу 10.5-аас 14.5 хувийн хооронд хэлбэлзэнэ гэсэн үг. Ингэхдээ эдгээр хэлцлийн хүү нь хүүний коридорын төв буюу бодлогын хүү рүү ойрхон тогтох юм. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хүүний коридорыг нэвтрүүлснээр бодлогын хүүний нөлөөллийг нэмэгдүүлж чадсан.


Эдийн засгийн мөчлөг гэж юу вэ?

Аливаа улсын эдийн засаг байнга өсөлттэй байдаггүй бөгөөд унаж сэргэхийн аль алийг нь дамждаг байна. Эдийн засгийн мөчлөг гэдэг нь эдийн засгийн үйл ажиллагааны идэвхжилтийн өөрчлөлт юм. Идэвхжилт гэдэг бол тухайн улс орны бодит үйлдвэрлэл буюу улсын нийт ДНБ-ээр илэрхийлнэ. Гэхдээ эдийн засаг хэзээ унах, хэзээ сэргэх хугацааг таамаглах, тооцоолох хууль дүрэм байдаггүй. Энэ нь дэлхийн зах зээлийн төлөв байдал, тэргүүлэгч орнуудын эдийн засгийн уналт, сэргэлт, улс төрийн харилцаа зэрэг олон хүчин зүйлүүдээс хамаарна.


Мөчлөгийн уналт, сэргэлтийн үе шатууд нь макро эдийн засгийн төлөв байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?

Мөчлөгийн сэргэлтийн үед ажилгүйдэл буурч, уналтын үед өсдөг. Учир нь эдийн засгийн мөчлөгийн сэргэлтийн үед үйлдвэрлэлийн хэмжээ тасралтгүй нэмэгдэж хөдөлмөрийн нөөцийн ашиглалт улам бүр нэмэгдсээр байдаг бол уналтын үед үүний эсрэг үйл явц явагддаг. Харин инфляци мөчлөгийн дагуу өөрчлөгддөг зүйл бөгөөд эдийн засгийн мөчлөгийн сэргэлтийн үед хүн амын орлого өсч эрэлт нэмэгдсэнээр бараа бүтээгдэхүүний ерөнхий түвшинг нэмэгдүүлдэг. Ингэснээр эдийн засагт эрэлтийн инфляци үүсэх магадлал өндөртэй. Нөгөө талаас нөөцийн ашиглалт сайжирч сул нөөц багассанаар зардлын инфляци мөн өсөх хандлагатай байдаг. Харин уналтын үед ажил эрхлэлт буурч хүн амын орлого буурсанаар бараа бүтээгдэхүүний эрэлт буурч инфляци буурахад хүрдэг.


Ипотекийн санхүүжилтийн ач холбогдол?

Ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгосноор Монгол Улс хэрэглээний эдийн засгаас хуримтлалтай эдийн засагт шилжих юм. Энэ нь нийгмийн дундаж давхаргын хуримтлал, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар дундаж давхаргын хүрээг тэлэх, бэхжүүлэх, хөтөлбөрийн зах зээлийн ил тод байдлыг сайжруулах, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Уг тогтолцоо нь эргээд урт хугацаанд инфляцийг бууруулахад эерэгээр нөлөөлж, эдийн засгийн урт хугацааны тогтвортой зорилтыг хангах юм. 2014 оны Мөнгөний бодлогын хүрээнд Монгол банк үүнд ихээхэн анхаарч байна.


Орон сууцны үнийн индекс гэж юу вэ?

Амьдран суух зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг хэмжих ерөнхий үзүүлэлтийг орон сууцны үнийн индекс гэнэ. Тухайн сард зарагдсан орон сууцнуудын үнийн энгийн дундаж үзүүлэлтээс уг индекс ихээхэн ялгаатай. Орон сууц бүр чанарын хувьд өөр байдаг учраас индекс тооцохдоо эдгээр чанарын ялгааг нь хасч, цэвэр үнийн өсөлтийг авч үзэх шаардлагатай юм. Хүмүүс орон сууц худалдаж, худалдан авахдаа байрлал, ашиглалтад орсон хугацаа, талбай, өрөөний тоо, гадаад орчны тохижилт, хөршүүд, байрлах давхар, машины зогсоол, гараж, дотоод засвар хийсэн байдал, тэр ч байтугай цонх нь хаашаа харсан, урьд нь ямар хүн амьдарч байсан гэх мэт маш олон шинж чанарыг харгалзан үнээ тохиролцдог. Тиймээс орон сууцны үнэд шингэсэн эдгээр онцлог давуу тал бүрийн өртгийг хасч тооцож байж орон сууцны үнийн цэвэр өсөлтийг гаргана.


Орон сууцны үнийн индексийг яагаад тооцох шаардлагатай вэ?

Аливаа улс орны хуримтлагдсан капитал, баялгийн дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа иргэдийн эзэмшдэг орон сууц байдаг. Тиймээс энэ баялгийн үнэ хэрхэн өөрчлөгдөхийг тухайн баялгийн эзэд төдийгүй эдийн засгийн бодлого боловсруулагчид анхааралтай ажигладаг. 1970-аад оноос хойш хөгжингүй орнуудад тохиолдсон санхүүгийн зах зээлийн хамгийн том хямралууд бүгд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн гажуудал буюу үнийн хөөсрөлтөөс үүдэлтэй байжээ. Иймээс үл хөдлөх хөрөнгийн үнийн өөрчлөлтийг цаг алдалгүй, үнэн зөв хэмжих асуудалд бодлого боловсруулагчид, санхүүгийн бизнес эрхлэгчид онцгой ач холбогдол өгөх болжээ. Мөн хэрэглээний үнийн индекс буюу инфляцийн тооцоонд орон сууцны үнийн өсөлтийг оруулж тооцдоггүй учраас орон сууцны үнийн индексийг зайлшгүй тооцох ёстой болдог. Орон сууцны үнийн индекс ямар байх нь эдийн засгийн янз бүрийн оролцогчдын үйл ажиллагаанд чухал нөлөөтэй байдаг. Жишээлбэл, орон сууцны үнэ өсвөл хувь хүмүүсийн хэрэглээний зардал, хэрэглэгчийн итгэл үүнийг дагаад нэмэгддэг бол орон сууцны үнэ унавал орон сууц барьцаалан зээл олгосон санхүүгийн байгууллагууд эрсдэлд ордог.


Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн юу байсан бэ?

Эдийн засгийг тогтворжуулах гэсэн том бодлогын хүрээнд бид 3 их наяд төгрөг эдийн засагт нийлүүлсэн. Харин үнэ тогтворжуулах хөтөлбөрт зөвхөн 600 орчим тэрбум төгрөгийн нийлүүлэлт, эргэлтийн хөрөнгө, хямд эх үүсвэрийг эдийн засаг руу оруулсан. Үр дүнгийн хувьд хүнсний үнийн өсөлт өмнөх 3 жилийн хувьд жилдээ 30%-д хүрч байсан бол энэ жил 9 орчим хувиар өслөө. Шатахууны үнийн өсөлт жилдээ 140-150 төгрөгөөр өсдөг байсан бол энэ жил өсөөгүй. Мөн түүнчлэн манай улсын инфляци сүүлийн 3 жилд дунджаар 13-14%-тай явж байсан бол энэ жил 9%-тай явж байна. Энэ нь өөрөө манай эдийн засаг иргэд, дундаж бага орлоготой иргэдийн зарцуулалт хэрэглээнд шууд нөлөөлж байгаа. Эдийн засгийн өсөлтийн хувьд энэ оны хагас жилийн байдлаар 11%-ийн өсөлттэй байв. 2013 онд эдийн засгийг тогтворжуулах эх үүсвэр эдийн засагт нийлүүлэгдээгүй байсан бол нийт эдийн засгийн өсөлт хасахтай гарах байсан тооцоо судалгаа бий.


Төсөв гэж юу вэ?

Төсвийн орлого нэмэгдлээ, төсөв алдагдалтай гарлаа, цаашлаад ирэх оны төсвийг тэдэн төгрөг байхаар баталлаа гэх зэргээр төсөв тойрсон асуудлууд ихээхэн яригддаг. Харин төсөв гэж юу болох хаанаас үүсэлтэй талаар Н.Урандарийн блогт ийн тайлбарлажээ.

Дэлхийд анх удаа Англи улс төсөв зохиож түүнийгээ хууль тогтоох байгууллагаар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 1686-1689 оны Английн хөрөнгөтний хувьсгалын дараа олон нийтийн шаардлагын дагуу Английн хатан хаан арга буюу ард иргэдээс авах татварын хэмжээг парламенттай зөвшилцөн тогтоосон байна. Төр засгийн зүгээс өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэхийн тулд иргэд, байгууллага, аж ахуй нэгжийн орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлж, түүнийг үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус хүрээний хэрэгцээнд зориулан дахин хуваарилахтай холбогдсон мөнгөний харилцааг төсөв гэнэ. Хэлбэрийн хувьд төсөв нь орлого, зарлагын төсөвлөсөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд жил бүр хууль тогтоох дээд байгууллагаар түүнийг баталснаар төсөв нь хуулийн хүчин төгөлдөр санхүүгийн баримт бичиг болно. Төсвийн бүтцийг бүрдүүлж байгаа улсын ба орон нутгийн нэгж, хэсгүүдийн төсвийн тогтолцоог төсвийн систем гэнэ. Төсвийн бүтцийг хуульчлан тогтоох ба түүнд төсвийн ангилал, төсвийн эрх, төсвийн тодотгол зэрэг ойлголтууд хамаарна. Мөн төсвийн бүтцэд орлого, зарлагыг улсын болон орон нутгийн төсвийн хороонд хуваарилах, төсвийн тэгшитгэл хийхтэй холбогдсон асуудал орно. Төсөв зохиох, батлах, түүнийг хэрэгжүүлэх талаар төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын эрх, үүргийг хуульчлан тогтоохыг төсвийн эрх гэнэ.

Төсвийн систем, төсвийн бүрэлдэхүүн нь тухайн улсын төрийн байгуулалтын тогтолцооноос шууд хамаарна. Бүгд найрамдах улсад нэг үндсэн хууль үйлчилж, төр захиргааны болон эрх зүйн нэгдсэн тогтолцоотой байдаг ба төсвийн систем нь улсын ба орон нутгийн гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Монгол улс нь Бүгд найрамдах засаглал бүхий улс учир Монгол улсын төсөв нь улсын төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвөөс бүрдэнэ. Төсөв нь төр, засгийн зүгээс эдийн засгийн үйл амьдралд хөндлөнгөөс оролцох нэг зэвсэг болдог байна. Үндэсний орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлэн түүнийг төрийн бүх шатны албан хаагчдын цалин хөлс болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах, эдийн засгийн тодорхой салбарт хөрөнгө оруулалт хийх, шинжлэх ухааны тодорхой салбарыг дэмжих зэргээр төрөөс эдийн засгийн амьдралд төсвөөр дамжуулан оролцдог. Мөн шинэ зах зээл олж авах, зарим салбарт гадаад орнуудтай өрсөлдөх, өөрийн найдвартай түнш орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр гадаад орны эдийн засагт хөндлөнгөөс оролцоход төсөв чухал үүрэг гүйцэтгэнэ.


Дотоодын нийт бүтээгдэхүүн гэж юу вэ?

Дотоодын нийт бүтээгдэхүүн, Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг хоёр чухал ойлголт байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний энгийнээр тайлбарлавал Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй нэгжүүд, иргэд нэг жилийн хугацаанд шинээр хийсэн бүх бүтээгдэхүүн үйлчилгээг давхардуулан тооцолгүйгээр тооцож, бүх бүтээгдэхүүний үнийг нэмж гаргаж ирэхийг хэлнэ. Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг тухайн орны оршин суугчдын хөдөлмөр болон хөрөнгөөр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнэлгээний нийлбэрийг хэлнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ихэслээ гэж ярьдаг. Түүний хэмжээг мөнгөөр илэрхийлэхээс өөр аргагүй. Тариаланчид нэг тонн улаанбуудай хураалаа, барилгачид тэдэн давхар барилга барилаа гэхэд энэ хоёрын хооронд давхар тооцоо ороогүй. Өөрөөр хэлбэл бие биенийхээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэлгээг гаргаж ирнэ. ДНБ-ийг үйлдвэрлэлтийн, ашиглалтын, хуваарилалтын гэсэн гурван аргаар тооцдог.

Дотоодын нийт бүтээгдэхүүн гэж юу вэ?

Дотоодын нийт бүтээгдэхүүн, Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг хоёр чухал ойлголт байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний энгийнээр тайлбарлавал Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй нэгжүүд, иргэд нэг жилийн хугацаанд шинээр хийсэн бүх бүтээгдэхүүн үйлчилгээг давхардуулан тооцолгүйгээр тооцож, бүх бүтээгдэхүүний үнийг нэмж гаргаж ирэхийг хэлнэ. Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг тухайн орны оршин суугчдын хөдөлмөр болон хөрөнгөөр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнэлгээний нийлбэрийг хэлнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ихэслээ гэж ярьдаг. Түүний хэмжээг мөнгөөр илэрхийлэхээс өөр аргагүй. Тариаланчид нэг тонн улаанбуудай хураалаа, барилгачид тэдэн давхар барилга барилаа гэхэд энэ хоёрын хооронд давхар тооцоо ороогүй. Өөрөөр хэлбэл бие биенийхээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэлгээг гаргаж ирнэ. ДНБ-ийг үйлдвэрлэлтийн, ашиглалтын, хуваарилалтын гэсэн гурван аргаар тооцдог.


Төгрөгийн орлоготой, ам.долларын зээлтэй иргэд, аж ахуйн нэгжийн валютын ханшны өсөлтөөс гарах эрсдлийг бууруулах талаар Монголбанк ямар арга хэмжээ авах вэ?

Валютын ханшийн ирэх жилийн нөхцөл байдлын талаархи прогнозыг Монголбанк тогтмол хийдэг. Үүнийг бид олон нийтэд мэдээллэдэггүй. Хуулийнхаа хүрээнд Монголбанк уян хатан ханшийн тогтолцоотой байх ёстой. Төгрөгийн орлоготой, ам.долларын зээлтэй байгаа хүмүүсийн эрсдэлийг нь хаадаг механизмыг 2013 онд шатахуун импортлогчид дээр анх удаагаа хэрэгжүүллээ. Шатахуун импортлогчидод үр дүнгээ өгч шатахууны үнийн хэт өсөлт ажиглагдахгүй байна. Цаашид энэ төрлийн механизмыг үргэлжлүүлэхээр 2014 оны мөнгөний бодлогод тусгасан. Бусад аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлэх арга хэмжээг авна. Энэ нь аж ахуйн нэгжүүдээ валютын ханшны эрсдэлээс хамгаалахаас гадна валютын ханшийн хөдөлгөөнөөр дамжин орж ирэх инфляцийг онилох чухал арга хэмжээ юм.


Төв банк, Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос гаргадаг үнийн статистик байнга зөрдөг?

Энэ огт тийм биш. Үнийн албан ёсны тоо мэдээллийг зөвхөн ҮСХ гаргах эрх, үүрэгтэй. Харин Монголбанк ҮСХ-ноос гаргасан албан ёсны мэдээлэл дээр тулгуурлан дотоод хэрэгцээндээ тулгуурлан суурь инфляци гэсэн үзүүлэлтийг тооцон гаргадаг. Дэлхийн төв банкууд мөнгөний бодлогоо боловсруулахдаа суурь инфляци гэсэн үзүүлэлтийг түгээмэл хэрэглэдэг бөгөөд хэрэглээний сагснаас үнийн хэт хэлбэлзэлтэй болон огт хэлбэлзэлгүй төрлийн бараануудыг хасч тооцсон үнийн индексийн өөрчлөлт юм.