Хямралын үед бизнесээ хэрхэн удирдах вэ

Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тийм сайн биш байгааг хүн бүр л мэдэж байгаа. Валютын ханшийн савлагаа,түүхийн эдийн экспортын уналт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан нийт эдийн засаг хүндхэн байна. Ялангуяа ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарч иргэн аж ахуйн нэгжүүдэд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Зарим хүн эдийн засагт хямрал үүслээ гэж нэлээд сандарч байна. Тухайлбал жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчид хямрал болох гэж байна гэж өөрийн бизнесээ орхих тохиолдол их гардаг. Энэ үүднээс эдийн засагт ямар нэгэн хүндрэл үүсэхэд өөрийн бизнесээ хэрхэн удирдаж амжилттай ажиллах талаар эдийн засагчдын бэлтгэсэн мэдээллийг хүргэе.


Зөвлөгөө-1: Эдийн засагт үүссэн бодит нөхцөл байдлыг дүгнэхийг хичээ


Эдийн засгийн байдал муудаж, хямрал боллоо гэж сонсоод шууд сэтгэлээр унаж бизнес маань дампуурах нь гэсэн айдаст автах шаардлагагүй. Учир нь эдийн засгийн хүндрэл нь салбар бүрт харилцан адилгүй байдлаар нөлөөлдөг. Жишээ нь манай улсад эдийн засгийн хямрал нүүрэлсэн ч өнгөрсөн онд хамгийн олон кино үйлдвэрлэгдэж продакшнууд ашигтай ажилласан. Гэтэл барилгын салбарын хувьд борлуулалт зогсч олонх компани хүнд байдалд орсон байх жишээтэй. Үүнтэй адил дэлхийн зах зээл дээр электрон барааны зарим компани алдагдлаа зарлаж байхад компьютер тоглоом үйлдвэрлэгч компани ашигтай ажилласан. Хямралын оргил үед хүмүүс чөлөөт цагаа хямдхан зугаатай өнгөрөөх компьютер тоглоомыг илүүтэй сонгож байсантай холбоотой юм. Тэгэхээр бизнес эрхлэгч та эдийн засгийн хямрал миний бизнесд эергээр үү эсвэл сөргөөр нөлөөлөх үү гэдгийг тооцох чадвартай байх нь чухал. Сөргөөр нөлөөлөх бол борлуулалтыг хэдэн хувиар бууруулах энэ хандлага хэр удаан үргэлжлэх гэсэн асуултын хариултыг олох судлах хэрэгтэй.



Зөвлөгөө-2: Бодит нөхцөл байдалд тохирсон хүлээлтийг бий болго


Хямралын үед бизнес эрхлэгчдийг сэтгэлээр унахад хүргэдэг гол зүйл нь хэт өөдрөг хүлээлт, зорилго. Хямрал нүүрлэсэн бол бизнесийнхээ өмнөх нөхцөл байдлыг өөрчлөх хэрэгтэй. Тухайлбал, зорилго зорилтоо ч өөрчлөх шаардлага гардаг. Учир нь хямралыг бизнесийн өвлийн улирал гэж үздэг. Малчид өвлийн улиралд малаа онд мэнд оруулах гэсэн зорилго тавьдаг болохоос таргалуулна гэдэггүй. Үүнтэй адил өмнө нь дэвшүүлчихсэн өөдрөг зорилгоо бодит нөхцөл байдалд уялдуулах шаардлагатай гэсэн үг.



Зөвлөгөө-3: Амьдрах чадвартай бизнес рүүгээ анхаарал хандуул


Манай олонх бизнесмэнүүд нефть, архи, пиво, гадаад худалдаа, хүнсний дэлгүүрийн сүлжээ, банк, барилгын салбар, газар тариалан гээд л хаана ашигтай гэж сонссон тэр бүгд рүү хөрөнгөө оруулсан байдаг. Харамсалтай нь, хямралын үед иймэрхүү олон салбарт диверсификаци хийсэн бизнес илүү өртөмтгий байдаг. Өөрөөр хэлбэл, хямрал эдгээр олон салбарыг бүгдийг нь авч үлдэхийг зөвшөөрдөггүй бөгөөд аль амьдрах чадвар сайтай руугаа анхаарахыг шаарддаг. Хэрвээ бүгдийг нь авч үлдэнэ гэвэл бизнес нь тэр чигээрээ унах магадлал өндөр байдаг. Малчин хүн онд мэнд орохгүй малаа эртхэн “төхөөрдөг” шиг хямралыг давж чадахгүй бизнесээсээ салж, давж чадах хэсэгт нь хөрөнгө оруулахыг шаарддаг байна.



Зөвлөгөө-4: Үндсэн салбар дахь хөрөнгө оруулалтаа битгий бууруул


Хямрал бол ертөнцийн төгсгөл биш тийм ч учраас дахин хэзээ нэгэн цагт эдийн засгийн өсөлттэй учрах нь дамжиггүй. Харин тэр үед хямралын үеэр үндсэн салбар дахь хөрөнгө оруулалтаа бууруулсан нь хоцорч, нэмсэн нь хожих боломж бүрддэг байна. Жишээ нь: Тоёота компани эдийн засгийн хямралын үед гибрид хөдөлгүүр хөгжүүлэх төслийн хөрөнгө оруулалтыг бууруулаагүй бөгөөд энэ бодлогын ачаар гибрид хөдөлгүүртэй Лексусыг худалдаанд гаргасан байна. Үүнтэй адил манай улсын зах зээлд нэн шаардлагатай байгаа салбар руугаа хөрөнгө оруулалтаа үргэлжүүлэх нь хамгийн зөв арга.



Зөвлөгөө-5: Хямралыг ганцхан компанийн удирдлагын биш бүх ажилчдын асуудал болго


Магадгүй тухайн нэг компанид эдийн засгийн хүндрэл сөргөөр нөлөөлж байгаа бол тодорхой гарц шийдлийг олох шаардлагатай. Гэхдээ эдгээр гарц шийдлийн хариулт нь зөвхөн компанийн удирдлагад биш ажилчид нь байж магадгүй. Нөгөө талаас бизнес унаж дампуурлаа гэж бодоход хор хохиролыг нь хөрөнгө оруулагч, удирдлага төдийгүй ажилчид хүртэл хүртэнэ. Тиймээс аль болох ажилчид, албан хаагчдыг шийдвэр гаргахад оролцуулж тэдний үгийг сонсох нь хямралын гарц олох бас нэгэн арга юм.



Зөвлөгөө-6: Сайн цагт хураасан зүйлээ муу цагт хэрэглэ


Санхүүгийн тодорхой нөөцтэй байхыг манай бизнесүүд хямралтай нүүр тулсан цагаас хойш ойлгож эхэлж байх шиг байна. Бизнес бүр өөрийн тодорхой санхүүгийн нөөцийг эдийн засгийн хүндрэл, хямралын үед зарцуулах гэж хадгалж байх шаардлагтай байдаг. Хэрвээ хураасан зүйлээ бүгдийг өөр салбарын бизнест хөрөнгө оруулаад ч юм уу аль эсвэл захирал нь өөрийн хэрэгцээндээ зарцуулаад байвал хүнд үед сөхрөөд унах ч боломжтой байдгийг мэдсэн байх.



Зөвлөгөө-7: Сайн хүнийг ангуучилж муу хүнээсээ салах цаг


Хямралд ч гэсэн тодорхой хэмжээний эерэг тал бий. Ялангуяа хүний нөөцийн тал дээрээ хямралын үеийг далимдуулан өөрийн багаа хүчирхэгжүүлэх боломж гарч ирдэг гэж хэлж болно. Олдохгүй байсан сайн мэргэжилтнээ боломжийн үнээр урвуулан авах, хэт өсөлттэй авахаас өөр аргагүй байсан чадваргүйчүүдээс эвтэйхэн шалтаг хэлээд салж болох тийм боломжийг хямрал бизнесүүдэд олгодог байна.



Зөвлөгөө-8: Үнээ бууруулах гэж бүү яар


Шинэ шийдлийг бий болгохыг хичээ Хямралын үед хамгийн түрүүний алхам үнээ бууруулах гэдгийг өмнө сонсч байсан байх. Гэхдээ үнээ яаран бууруулахаас өмнө үнэтэй чинь зэрэгцэн барааны тань үнэ цэнэ зэрэгцэн буудаг гэдгийг санахад илүүдэхгүй. Нэгэнт буусан үнийг дахин буцаагаад хуучин төвшинд нь хүргэхэд багагүй хугацаа хэрэгтэй. Тиймээс барааны үнэ цэнийг унагаж байснаас үнээ хэвээрээ байлгаад тодорхой нэмэлт үйлчилгээг санал болгоход буруудаад байх зүйлгүй.



Зөвлөгөө-9: Шинэ хэрэглэгч дээр бус хуучин хэрэглэгч дээрээ төвлөрч ажиллах хэрэгтэй


Эдийн засгийн хямралын үед шинээр хэрэглэгчийг татах нь өсөлтийн үетэй харьцуулахад харьцангуй хүнд байдаг. Учир нь, хямралын үед хэрэглэгч хэмнэх, хямдыг нь хайх сэтгэхүйтэй байдаг учраас шинэ хэрэглээ, шинэ бараанд татагдах нь харьцангуй бага. Тиймээс бизнес эрхлэгчид өөрсдийн хуучин буюу үнэнч хэрэглэгч дээрээ тулгуурлан ажилласнаар хүнд үеийг даван туулахад дөхөм байдаг.