Монголбанкны тухай


Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг Монгол Улсын Төв Банк гэнэ. Монгол Улсын Төв Банкийг Монголбанк гэж нэрлэнэ. Монголбанкны төв нь Монгол Улсын нийслэлд байрлана. Монголбанк нь төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд бөгөөд тогтоосон загвараар хийсэн тамга,тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ. Монголбанк Төв банк/Монголбанк/-ны тухай хуульд заасан өөрийн зорилтыг биелүүлэхийн тулд дараахь чиглэлээр үйл ажиллагаа эрхэлнэ:




Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах

  • 1. Монголбанк мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах үйл ажиллагаа явуулна.
  • 2. Монголбанк мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах,түүний нөөцийг бий болгох, хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхлэн зохион байгуулна.
  • 3. Гэмтэж муудсан мөнгөн тэмдэгт солих журмыг Монголбанк тогтооно. Монголбанкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно.

/ Төв банкны тухай хуулийн 9-р зүйл /



Мөнгөний бодлогыг боловсруулж,хэрэгжүүлэх

"1. Монголбанк төрийн мөнгөний бодлогыг боловсруулж,хэрэгжүүлнэ.

2.Монголбанк дараагийн жилд баримтлах төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, жил бүрийн 1О дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн барих бөгөөд түүнд дараахь асуудлыг тусгасан байна:

  • 1/тайлант оны төрийн мөнгөний бодлогын хэрэгжилтийн явц, санхүүгийн зах зээлийн байдал, түүнд нөлөөлсөн хүчин зүйл, шалтгааныг тайлбарласан дүгнэлт;
  • 2/Монголбанкнаас дараагийн жилд баримтлах мөнгөний бодлогын зорилт, мөнгөний бодлогод нөлөөлж болох төгрөгийн ханшийн өөрчлөгдөх хандлага, санхүүгийн зах зээлд нөлөөлж болох хүчин зүйлсийн талаархи төсөөлөл."

/Төв банкны тухай хуулийн 10-р зүйл/



Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх

Монголбанк Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэхдээ дараахь үйл ажиллагааг явуулж болно:

  • 1/зохих нөхцлийг тусгасан гэрээний дагуу төрийн сангийн нэгдсэн дансыг Сангийн сайдын хүсэлтээр өөр дээрээ байршуулж, холбогдох гүйлгээг хийх;
  • 2/Засгийн газраас гаргасан үнэт цаасыг Засгийн газрын хүсэлтээр бусад этгээдэд зуучлан борлуулах ба төрийн мөнгөний бодлогын зорилт, зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдалд нийцэж байвал түүнийг худалдан авах, худалдах;
  • 3/Засгийн газрын болон түүнээс баталгаа гаргасан хуулийн этгээдийн гадаадаас авсан зээлийн төлбөрийн хуваарийг баримтлан төрийн сангийн нэгдсэн дансны үлдэгдлийн хэмжээнд багтаан төлбөр тооцоо гүйцэтгэх;
  • 4/ хууль тогтоомжид нийцсэн зуучлалын бусад үйл ажиллагаа эрхлэх.

/ Төв банкны тухай хуулийн 17-р зүйл /



Банкны үйл ажиллагаанд хяналт тавих

  • 1. Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл банкинд олгох, түүний өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах болон үйл ажиллагааг нь зохицуулахтай холбогдсон дүрэм, журам шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
  • 2. Банк байгуулах, зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг хүчингүй болгох, хязгаарлалт хийх, шаардлага тавих, хяналт шалгалт хийх, банкинд албадлагын арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна.

/ Төв банкны тухай хуулийн 19-р зүйл /


2012 онд банкны системийн нийт активын хэмжээ 11.4 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 их наяд төгрөгөөр, нийт зээлийн өрийн үлдэгдэл 6.8 их наяд төгрөгт хүрсэн нь 1.4 их наяд төгрөгөөр, өөрийн хөрөнгө 1.3 их наяд төгрөгт хүрсэн нь 0.4 их наяд төгрөгөөр, нийт хадгаламж 5.0 их наяд төгрөгт хүрсэн нь 0.6 их наяд төгрөгөөр тус тус өссөн, чанаргүй зээлийн хэмжээ 148.0 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.6 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанкны Ерөнхийлөгчийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 691 дүгээр тушаалаар банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааны доод хэмжээг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 25.0 хувь болгон нэмэгдүүлэв.

Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2011 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 726 дугаар тушаалаар “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ыг шинэчилж банкуудын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцааны доод хэмжээг 12.0 хувь, системийн нөлөө бүхий банкуудад нэмэлт өөрийн хөрөнгийн хэмжээ тогтоож 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 13.0 хувь, 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 14.0 хувь болгон шат дараалан нэмэгдүүлэх шаардлага тавин ажиллаж байна.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах, санхүү төлбөрийн чадварыг дээшлүүлэх, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг найдвартай байлгах зорилгоор Монголбанкны Ерөнхийлөгчийн 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 404 дүгээр тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоож 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор 16.0 тэрбум төгрөгт хүргэх шийдвэр гаргасан бөгөөд энэ тушаалын хэрэгжилтийг хангах зорилготой ажиллаж байна.



Банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах

  • 1. Монголбанк банк хоорондын төлбөр, харилцан суутгах тооцоог зохион байгуулж болно. Банк хоорондын төлбөр тооцоог Монголбанкин дахь тухайн банкны харилцах дансаар дамжуулан гүйцэтгэнэ.
  • 2. Монголбанк банк хоорондын төлбөр тооцоог гүйцэтгэх өөрийн салбар байгуулан ажиллуулж болно.
  • 3. Банк хоорондын төлбөр тооцооны журмыг Монголбанк тогтооно.

/ Төв банкны тухай хуулийн 20-р зүйл /



Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж, удирдах

  • 1.Монголбанк эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэгтэй. Зөвхөн эдгээр үүрэг бүрэн биелсэн нөхцөлд гадаад валютын улсын нөөцийг ашиглан санхүүгийн зах зээл дээр арилжаалагдах хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх замаар орлогыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулж болно.
  • 2. Монголбанкин дахь гадаад валютын улсын нөөц дараахь төрлийн активаас бүрдэнэ:
    • 1/ гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;
    • 2/ бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;
    • 3/ чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;
    • 4/гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн,түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;
    • 5/ олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад актив.
  • З.Монголбанк гадаад валютын улсын нөөцийг удирдахдаа энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гадаад валютын нөөцийн бүрэлдэхүүн хэсгийг харилцан чөлөөтэй хөрвүүлэх,худалдах,худалдан авах үйл ажиллагаа явуулж болно.
  • 4. Монголбанк чөлөөтэй хөрвөдөг гадаад валют, түүнтэй адилтгах хэрэгслийг төгрөгөөр худалдах,худалдаж авахдаа төгрөгийн тогтвортой байдлыг хангана.
  • 5. Гадаад валютын улсын нөөц нь Улсын Их Хурлаас тогтоосон доод хэмжээнээс багассан эсхүл гадаад валютын бодлогыг хэрэгжүүлэх болон улсын гадаад төлбөр тооцоог шуурхай явуулах боломж алдагдсаныг Монголбанк тодорхойлсон нөхцөлд Монголбанк Засгийн газартай хамтран холбогдох арга хэмжээ авна.

/ Төв банкны тухай хуулийн 21-р зүйл /